Үлгэрийн ном уншиж өгөхийн ач тус

Үлгэрийн ном уншиж өгөхийн ач тус

Хүүхдэдээ үлгэр уншиж өгөхийн гайхамшиг.

Хүүхэд насны хамгийн гэгээлэг дотно дурсамжуудын нэг
бол яах аргагүй үлгэрийн цаг байдаг билээ. Ээж аавынхаа өвөрт эрхэлж наалдаад
үлгэрийн ертөнцөөр баатартай аялан үзэсгэлэнт гүнжийг аварч , үгээгүй муухай
мангасыг ялаад зүүдний ертөнцөд очиж үзсэн хүмүүс бүгд надтай санал нийлэх биз.
Тэгвэл хүүхдэдээ үлгэр уншиж өгөх нь эцэг эх , хүүхдийн нандин
холбоог бөхлөхөөс гадна өөр маш олон ач холбогдолтой байдаг байна.
Түүнээс дурдвал:

1.   Эрт ярьж сурна.

“Хэрэв та хүүхдээ ухаантай болгомоор байгаа бол үлгэр
уншиж өг , бүр илүү ухаантай болгохыг хүсвэл бүр илүү их үлгэр уншиж өг”
– Альберт Эйнштейн

Хүүхдийг уншиж болон ярьж сургах том түлхүүр нь үлгэр
байдаг. Хүүхэд үлгэр сонсож өссөнөөр түүний төсөөлөн бодох чадвар нэмэгдэж ,
оюун ухаан нь тэлдэг байна. Та хүүхэдтэйгээ үлгэрийн ертөнц болон жинхэнэ
ертөнцийн ялгаатай талуудыг ярьж хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх чадварыг сайн
хөгжүүлж болно. Үгсийн сан ч маш сайн нэмэгддэг болохыг олон судалгаа
харуулдаг.

2.   Асуудлыг шийдэх чадвар

Үлгэрт гардаг гол үйл явдал бол үлгэрийн гол баатар
асуудалтай учирлаа түүнийг давж гарлаа сайхан амьдарлаа гэсэн үйл явдлууд
байдаг билээ. Тэгээд манай баатрууд чинь хэцүү олон янзын асуудалтай учирна.
Гэхдээ учрах болгондоо өөрийн арга ухаанаар асуудлыг эвтэйхэн шийдэж
байдаг билээ. Үүнийг бидний жижигхэн үрс маш хурдан хүлээж аваад амьдралдаа ч
бас хэрэгжүүлдэг.  Энэ нь хүүхдүүдэд асуудлыг шийдэх чадварыг олгож
байдаг бөгөөд ямар ч асуудлын хариуг бид өөрсдөө бодоод олж чадна гэсэн эерэг
хандлагыг суулгаж өгдөг.

3.   Сэтгэлийн хаттай болгодог

Хүүхдүүд үлгэрийн баатруудаасаа маш олон
зүйлийг сурч авдаг. Мангасуудын урд зоригтой зогсож , ямар ч үед зөв
зүйлийг хийж , ямар ч зүйл бүтэшгүй биш жаахан бодож суухад хариултыг олж
болохыг бид үлгэрээс сурч авдаг. Үүнийг сурсан хүүхдүүд жинхэнэ
амьдрал дээр ч гэсэн муу сайныг ялгаж сайны төлөө бат зогсож , сайхан цаг ирнэ
гэсэн итгэлтэй өөдрөг болдог байна.  

4.   Соёлын ойлголттой болдог

Улс улсын үлгэр өөрсдийн соёл, ёс заншлыг биедээ
шингээсэн байдаг. Хүүхэд багаасаа өөр өөр улсын олон төрлийн үлгэрийг уншсанаар
тухайн улсын ёс заншил , түүхийг мэдэж аван , олон төрлийн хүмүүс энэ дэлхийд
өөр өөрөөр амьдардаг гэдгийг ойлгодог байна.

Ер нь л хүүхэд харж , сонсож , дуурайж байж сурдаг шүү
дээ. Тийм болохоор эртнээс бид жижигхэн үрсийнхээ нүдэнд нь , чихэнд
нь зоригтой , аз жаргалтай , ухаалаг баатруудыг таниулж амьдралын их замд гарах
бэлтгэлийг нь хийж өгсөн нь ухаалаг алхам болно.

 

 

Leave a Reply

ЦЭС
×
×

Cart